Энэ сайтын тухай

Бид Монгол Улсын байгаль орчны холбогдолтой хууль тогтоомжийн шаардлагууд, нөгөө талаас аймаг, сум, нийслэлийн захын хороодын иргэдийн зүгээс байгаль орчинд хамаарах ямар мэдээллийг сонирхож, мэдэж авахыг хүсч байгааг судалсны үндсэн дээр Орон нутгийн байгаль орчны мэдээллийн ил тод байдлын загвар стандартыг боловсруулж байна.

Уг загвар стандартыг хэд хэдэн орон нутгийн жишээн дээр туршиж байгаагийн нэг нь энэхүү цахим сайт бөгөөд Төв аймгийн Заамар сумын байгаль орчны мэдээллийг албаны болон бусад эх сурвалжаас цуглуулан энгийн, ойлгомжтой хэлбэрт оруулж загварчлан харуулахыг зорьж байна.

Эхний удаад орон нутгийн иргэд, оршин суугчид нэн чухал гэж үзсэн дараах 5 төрлийн мэдээллийг хамруулав. Үүнд,
1. Газар
2. Гол, ус, рашаан
3. Тусгай хэрэгцээний газар нутаг
4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
5. Ашигт малтмалын үйл ажиллагаа.

Өнөөдөр байгаль орчны холбогдолтой мэдээлэл тоо хэмжээ их байгаа боловч тодорхой аймаг, нийслэл, ялангуяа сум, баг болон нийслэлийн дүүрэг, тэдгээрийн хороодын нутаг дэвсгэрийн талаархи байгаль орчны мэдээллийг олж авахад хүндрэлтэй, эсвэл задаргаа, нарийвчлал хангалтгүй, мөн маш олон эх сурвалжаар тарсан байдаг.

Иймд Төв аймгийн Заамар сумын байгаль орчны мэдээллийг “нэг цонх”-оор дэлгэн харуулах нь энэ цахим сайтын зорилго юм.

Энд юуны өмнө тус сумын байгаль орчны боломжтой бүх мэдээллийн жагсаалтыг бэлтгэж байршуулна. Ямар жагсаалт байхыг загварчилна. Жагсаасан мэдээллүүдийн зарим нь нээлттэй, бас зарим нь хаалттай, тодорхойгүй, мэдэгдэхгүй, бүрэн бус байж болно. Гэхдээ тийм мэдээлэл байх ёстой, хаа нэгтээ байгаа гэдгийг мэднэ гэдэг бол түүнийг ил тод, нээлттэй болгохын эхлэл юм.

Харин жагсаалтанд орсон мэдээллийг дэлгэрүүлж задалсан дараа, дараачийн түвшний мэдээллийг янз бүрийн эх сурвалжаас цуглуулж нээлттэй өгөгдлийн зарчмаар байршуулна. Хэрвээ шууд байршуулах боломжгүй бол түүнийг олж үзэх авах эх сурвалж, холбоосыг зааж өгнө.

Үүний зэрэгцээ тухайн орон нутгийн байгаль орчинд хамаарах цаг үеийн үйл явдал, баримт мэдээллийг “Үйл явдлын мэдээлэл, баримт, архив” буланд оруулж байна. Учир нь нөхцөл байдал байнга өөрчлөгддөг тул шинэ мэдээллээр тасралтгүй сэлбэж байх шаардлагатай.

Мөн өмнөх мэдээллийг архивлаж хадгалснаар энэхүү орон нутгийн байгаль орчны ой санамж үүсгэнэ.

Энэ бүгд нийлээд Заамар сумын нутгийн иргэдийн мэдэх эрхээ хангах, өөрөөр хэлбэл нутаг орныхоо байгалийн төлөв байдал, өөрчлөлтийг хангалттай мэдэж байх замаар хяналт тавих, улмаар аливаа шийдвэр гаргахад оролцож нөлөөлөх боломжийг олгох юм.

id-528

Сурталчилгаа